Хотын дарга болон түүний хамтаргчдыг шалгаж эхэлсэн гэх... Шалгалт гэдэг үг өөрөө шударга ёсыг санагдуулдаг ч Монголын улс төрд энэ нь дотоод хагарал, эрх мэдлийн эрэмбийг шинээр тогтоох дохио болдог нь нууц биш.
МАН-ын дотоод дахь хуваагдал өдгөө зөвхөн фракцын нэр төдий биш, бодит хяналт, хариуцлагын тоглоом болон хувирч байна. Нэг хэсэг нь "шалга" гэж шахаж, нөгөө нь "баримт" гэж цохиж, улмаар унасан нь намынх бус, нийт нийслэлийн хөгжлийн хурдасгуур болж байсан баг байгаад асуудал оршино. Хэн нэгэн даргыг шалгаж буй мэт харагдавч, үнэн хэрэгтээ дээрээс доош эхэлсэн эрх мэдлийн хуваарилалт, ашиг сонирхлын давхцлыг шалгаж эхэлсэн хэрэг юм. МАН-ын "дотоод засаглал" өнөөдөр жинхэнэ сорилттой тулгарч байна.
МАН дотроо хэзээ ч нэгдмэл байгаагүй. Гагцхүү ялалтад хамтрахдаа эвтэй, ялагдалд хэн нэгнийг түлхэхдээ эвдрэлтэй. Нэг нам - хоёр гал, дунд нь нийслэл "туршилтын талбар" болж хувирсан нь энэ.
Хотыг хамтдаа удирдсан нөхөд өнөөдөр хотыг зөвхөн нэг хүн удирдсан мэт дүр зургаар хариуцлагаас бултаж мэднэ. Гэтэл төсөвт шахсан тендерүүд, ТҮЦ нүүлгэх нэрээр хийсэн "босгох бизнесүүд", төв цэвэрлэхтэй зэрэгцэж үүссэн "цэвэрхэн гэрээ"-нүүд бүгд зөвхөн нэг хүний гарын үсэгтэй байв уу? гэдгийг сайн л шалгах хэрэгтэй.
Гол асуулт нь:
Хэнийг шалгаж байгаа биш, хэний даалгавраар, ямар тоглоомын дүрмээр шалгаж байгаа вэ? Хууль, шударга ёсны нэр барьсан улс төрийн шувтаргаа болоод байна уу? эсвэл шинэчлэлийн эхлэл үү?
Хэрэв энэ шалгалт үнэхээр хуулийн хүрээнд, бодлогын алдааг засах зорилготой бол үр дүн нь зөвхөн хотын даргаар хязгаарлагдах ёсгүй. Харин ч энэ нь МАН дотроо "шүүлт" хийж, тогтолцоогоо эргэж харах дохио болох ёстой.
Цахимын үг:
- Хотын ногоон байгууламжийг хоёр жилд 2 дахин нэмэгдүүлсэн гэдэг. Гэвч хамгийн их ургасан нь цэцэг биш, тендер зарласан албан бичгүүд байв
- "Хот урагшилж байна" гэж амтай бүр хэлдэг ч урагш гишгэсэн зам бүрт ухсан нүх, унасан төсөв үлдсэн
- Дарга шалгуулж эхэлсэн ч, "даргын тушаалаар гүйцэтгэсэн" гэх хүмүүс өдгөө өөр суудалд, өөр албанд улайм цайм инээж сууна.
Эцэст нь ДАРГА унаж болно. Гэхдээ түүнийг унагасан тогтолцоо хэвээрээ үлдвэл дараагийн даргад ч ялгаагүй түүх давтана. Дотоод асуудал нь улсын асуудал биш байж ул суурьтай шалгалтыг хийж улсын төсвийн зарцуулалтад хяналтаа зөв тавих нь бидэнд нэн хэрэгтэй байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх