Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 2-ны байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн гурван дүүрэгт 149 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойн түймэр 77.1 хувиар, хээрийн түймэр 16.9 хувиар өссөн байна.Харин 2025 он гарсаар обьектын гал түймрийн 2707 удаагийн дуудлага бүртгэгдэж, 13 иргэний /том хүн найм, хүүхэд тав/ амь насыг аварчээ. Утаажилтын бүсээс 1436 иргэнийг гаргасан байна. Харин гал түймэрт 31 иргэн /том хүн 17, хүүхэд 14/ өртөн нас барж, 10 иргэн /том хүн тав, хүүхэд тав/ түлэгдэж, 1014 толгой мал өртөж хорогдсон мэдээлэл байна.
Аравдугаар сарын 3-ныг хүртэл ЦУОШГ-ын урт хугацааны прогноз хариуцсан ерөнхий инженер Б.Жаргалан “Зургаадугаар сарын 30-ны байдлаар хуурайшилтын зэрэг Ховд, Баянхонгор аймгийн ихэнх сумдын нутаг, Баян-Өлгий, Архангай, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгаар дунд зэрэг байна. Харин Зүүн аймгуудын нутгаар нэн их түвшинд байсан байна. Энэ сарын 1, 2-ны өдрүүдэд нийт нутгаар халах төлөвтэй байна. Ялангуяа төв болон говийн аймгуудын нутгаар өдөртөө +30 градусыг давж халах төлөвтэй байгаа. Цаашлаад долоодугаар сарын 3, 4-ны өдрүүдэд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газрууд, нутгийн хойд хэсгээр ихээхэн хэмжээний бороотой байх төлөв ажиглагдаж байна. Ялангуяа, түймэртэй байгаа бүс нутаг болох Сэлэнгэ, Хэнтийгээр ахиу хэмжээний бороо орох төлөвтэй. Харин Говийн бүс нутаг, Зүүн аймгуудын нутгаар халалт үргэлжилнэ. Мөн долоодугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарсан” гэлээ.
Иймд иргэд дор бүрнээ анхаарал болгоомжтой байж, гал түймрийн аюулаас сэргийлэхийг албаныхан сануулж байна. Мөн гал түймэр гарсан тохиолдолд чанга дуугаар хашгирч бусдад мэдэгдэх, боломжтой бол унтраах арга хэмжээ авах, 101 дугаарт яаралтай холбогдож дуудлага мэдээлэл өгөх хэрэгтэй юм. Түүнчлэн галд өртсөн тохиолдолд хэвтэж, өнхөрөх, утаа ихэссэн үед сууж эсвэл мөлхөж гарцаар гаран өөрсдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах боломжтой байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх