Г.РАВЖАА
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны жижиг банкуудын жирийн ажилтнаас авхуулаад эрх бүхий албан тушаалтнууд нь хүртэл элдэв хууль бус үйлдэлд холбогдсон тохиолдол цөөнгүй. Тухайлбал, “Эрэл” ХХК-ийн Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан, эцэстээ “Номин холдинг”-ийн Ш.Баярсайханы мэдэлд шилжчихсэн гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй “Ариг” банкныхантай холбоотой үйлдлүүд. Тус банк нэг хэсэг санхүүгийн хүндрэлд орж, Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилж ч байсан түүхтэй. Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн тушаалаар бүрэн эрхт төлөөлөгч 2020 оны нэгдүгээр сарын 25-нд томилж байв. Банкны тухай хуулийн 48.1.15-д Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас тогтоосон дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн, банкны тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй, эсхүл найдваргүй, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан бол Монголбанкнаас нөхцөлт удирдлагын арга хэмжээ авахаар заасан байдаг. Мөн хуулийн 49.1-д “Монголбанк нь энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь банкны үйл ажиллагааг сайжруулах, найдвартай тогтвортой удирдлагыг сэргээхэд хангалтгүй гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 3.1.16-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд банканд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бүрэн эрхт төлөөлөгчийг томилж болно” гэснийг үндэслэн ийм арга хэмжээ авч байсан юм.
“Ариг”-ийн хувьцааны дийлэнхийг Ш.Баярсайхан авснаар Б.Эрдэнэбаттай өрнүүлсэн маргаан дууссан уу
Үүний шалтгаан нь “Ариг” банкны үүсгэн байгуулагч, “Эрэл” компанийн Б.Эрдэнэбат болон “Улаанбаатар импэкс” буюу “Номин холдинг”-ийн тэргүүн Ш.Баярсайхан нарын маргаанаас үүдэлтэй байсан гэдэг.
“Улаанбаатар импэкс” ХХК-ийн захирал, “Ариг” банкны хувьцаа эзэмшигч Ш.Баярсайхан анх цагдаагийн байгууллагад хандан Б.Эрдэнэбат болон тус банкны гүйцэтгэх захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Р.Наранбаатар нар эд хөрөнгө завшиж, бусад хувьцаа эзэмшигчээ залилж байгаа тухай гомдол 2019 онд гаргасан байдаг. “Ариг” банкны цахим хуудас дахь мэдээлэлд 2020 онд дурдсанаар “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн 100 хувийг эзэмшигч Б.Эрдэнэбат нь банкны хувьцааны 60.46, “Улаанбаатар импэкс”-ийн 100 хувийг эзэмшигч Ш.Баярсайхан банкны 39.54 хувийг эзэмшдэг байв. “Дэм санхүүгийн нэгдэл” нь банк, cанхүүгийн салбарт гол төвлөрөн ажилладаг бол “Улаанбаатар Импэкс” нь “Номин холдинг” ХХК-ийн охин компани бөгөөд импортлогчид, үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр ачаа тээвэр, тээвэр зууч, гаалийн баталгаат агуулахын үйлчилгээнүү зэрэг салбарт ажилладаг гэжээ. Өдгөө тэгвэл “Ариг” банкны хувьцаа эзэмшигчдийн байдалд өөрчлөлт орж, 78.84 хувийг “Улаанбаатар импэкс”, 21.16-г нь “Дэм санхүүгийн нэгдэл” эзэмшдэг болжээ. Магадгүй Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарыг шүүгдэгч, яллагдагчийн ширээнд суулгах гомдлыг Ш.Баярсайхан гаргасантай ч холбоотой биз. Анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбатад бусдыг залилсан, мөнгө угаасан хэмээн долоон жил хорих ял шийтгэж байсныг зарим хүн санаж буй нь лавтай. Монголбанкныхны оролцоотойгоор Б.Эрдэнэбатыг цагдан хоригдож байх үед нь “Улаанбаатар импэкс”-ийнхэн хувьцааных нөлөө бүхий хэсгийг эзэмшигчээр бүртгүүлсэн байж ч мэдэх.
Б.Эрдэнэбат, Ш.Баярсайхан нарын хөрөнгийн маргаан, нэгнийгээ залилсан хэргийн үндэс нь банк болон “Байшин үйлдвэрлэх комбинат-1” (БҮК-1) үйлдвэрт хөрөнгө оруулсантай холбоотой гэнэ. Тэд анх 2016 оны арваннэгдүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулж, “Ариг” банкны хувьцааг эзэмших болсон аж. Тэдний байгуулсан гэрээнд “Ариг” банканд 27.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж банкны 49 хувийг, БҮК-1 үйлдвэрт 20 тэрбумыг оруулан 20 хувийг нь эзэмшүүлэх, улмаар тус үйлдвэрийн хөгжлөөс шалтгаалан нэмж хөрөнгө оруулах, эсвэл оруулсан мөнгөө 1.59 хувийн хүүтэйгээр Ш.Баярсайхан буцаан авах талаар гэрээ байгуулсан байдаг. Гэтэл Б.Эрдэнэбат “Ариг” банканд оруулсан хөрөнгийг БҮК-1 үйлдвэрт оруулсан хөрөнгө гэж тооцон хувьдаа авч ашигласан нь бусдыг залилсан гэх үндэслэлээр шалгуулах, яллагдагч, шүүгдэгчийн ширээнд суух шалтаг болсон юм.
Түүгээр ч зогсохгүй Ш.Баярсайханыг төөрөгдүүлж, “Эрэл” ХХК-ийн охин компани болох БҮК-1 үйлдвэрийг улсын бүртгэлд бүртгэлтэй аж ахуйн нэгж гэж танилцуулахаас гадна тоног төхөөрөмжийг нь Хөгжлийн банкны барьцаанд тавьснаа ч нуусан нь хууль сахиулах байгууллагынхны шалгалтын явцад тодорхой болсон юм даг. Давж заалдах шатны шүүхээс “Эрэл”-ийг үүсгэн байгуулагч, “Дэм санхүүгийн нэгдэл”-ийн захирал Б.Эрдэнэбатад холбогдох, бусдын эд хөрөнгийг залилж, мөнгө угаасан хэргийг прокурорт буцааснаас хойш сураг алдарч, өдгөө хэн ч түүнийг сөхөхгүй байгаа юм. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр уг хэргийг хэрэгсэхгүй болгож, хаасан байна. Магадгүй Ш.Баярсайхан, Б.Эрдэнэбат нар тохиролцоонд хүрч, “Номин холдинг”-ийнхон “Ариг”-ийн хувьцааны нөлөө бүхий хэсгийг эзэмших болсноор хэрэг хаагдсан байхыг ч үгүйсгэхгүй.
Шүүгч нарт хахууль өгсөн гэх “Улаанбаатар импэкс”-т шүүх яагаад хариуцлага тооцоогүй вэ
Өмгөөлөгч Б.Баасанцогт болон шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, “Номин холдинг” ХХК-ийн Санхүүгийн бизнес хариуцсан захирлын албан тушаалд ажиллаж байгаад өдгөө Барилга, үл хөдлөх хөрөнгийн бизнес хариуцсан захирлын албанд томилогдсон И.Галбуян, “Улаанбаатар импэкс” ХХК-д холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны аравдугаар сард хаалттай хэлэлцсэн юм. Бусдад хахууль өгсөн, авсан хэргийг нь нээлттэй хийгээд, Б.Баасанцогтын холбогдсон биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэх үйлдлийг нь хэлэлцэхдээ хаалттай явуулах боломж шүүхэд байсан атал түүгээр халхавчлан зориуд нууцалж, өдгөө хүртэл шийтгэх тогтоолыг үзэх боломжгүй байгаагийн цаад шалтгаан юу байдаг юм бол доо. Хаалттай хурлын цаана хамаг хороо нууцалж байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлж байна.
Уг нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарын дансанд өмгөөлөгч Ц.Баасанцогтоос шилжүүлсэн их хэмжээний мөнгөний эх үүсвэр нь “Номин холдинг” буюу “Улаанбаатар импэкс”-ээс гаралтай байдаг. Тиймдээ ч “Улаанбаатар импэкс” компанийн эрх бүхий албан тушаалтан И.Галбуянд Эрүүгийн хуулийн 22.5-3 дахь хэсгийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэж яллагдагчаар тооцсон байдаг. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор хэргийг шийдвэрлэхдээ иргэний хэргийн хоёр шүүгчээ хахууль авсан гэм буруутайд тооцсон атлаа хахуулийн мөнгөний эх үүсвэр болсон “Улаанбаатар импэкс” ХХК, И.Галбуянд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм. Учир нь И.Галбуян “Бид өмгөөлөгчдөө л гэрээгээр өгөх ёстой төлбөрөө төлсөн” гэсэн утгатай зүйл мэдүүлснээр цагаатгасан байдаг. Б.Баасанцогтын хувьд шүүгч нараар тогтохгүй, цагдаагийн эдийн засгийн мөрдөгч, тэдний удирдах албан тушаалтны данс руу мөнгө шилжүүлсэн үйлдэл нь тогтоогдсон ч, хэргийг нь тусгаарлаад өнөөг болтол таг “дарсан” юм. Ташрамд дурдахад, Б.Баасанцогт шүүхээс оноосон хорих ялын тодорхой хэсгийг эдэлж дуусаад, өнгөрсөн өвөл хугацаанаас өмнө тэнсэн суллагджээ.
“Улаанбаатар импэкс” ХХК, “Дэм санхүүгийн нэгдэл”-ийн хооронд хувьцааны маргаан үүсэж, шүүхээр шийдвэрлэх шатанд Ц.Баасанцогтод өмгөөлөгчийн хөлс гэж “Улаанбаатар импэкс”-ээс мөнгө шилжүүлсэн гэх. Шүүх энэ маргааныг “Улаанбаатар импэкс”-ийн талд эцэслэн шийдвэрлэсэн аж.
“Ариг” банкны ажилтнууд хэрхэн луйвар хийж байв
“Ариг” банкны хувьцаа эзэмшигчидтэй холбоотой дээр дурдсан үйлдлүүдийг шүүх шийдвэрлэсэн бол эгэл жирийн ажилтнууд ч хууль зөрчиж байв. Тухайлбал, иргэдийн дансны цахим бүртгэлд хууль бусаар халдаж өөрчлөн луйвардаж байсныг шүүх тогтоогоод байна. Тодруулбал, тус банкны Улсын их дэлгүүр, “Тумбааш” төв дэх “Хороолол” салбарын хоёр ч ажилтан ийм хэрэг өдүүлсэн аж:
“Ариг” банкны “Хороолол” салбарын ахлах теллер Б.Гомбосүрэн харилцагч Н.Т-ийн хадгаламжийн дансны мэдээлэл рүү орж, банкны бүртгэлийн систем дэх утасны дугаарыг өөрчилжээ. Улмаар түүний өмнөөс интернэт банкны эрх үүсгээд, түүнийгээ ашиглан 2023 оны арванхоёрдугаар сард гурван удаа гүйлгээ хийж, 36.5 сая төгрөгийг нь авсан байна. Үүнийхээ дараа өөр нэг харилцагч болох болох Д.Э-ийн ашигладаг дансанд бүртгэлтэй утасны дугаарыг өөрчлөн шинээр интернэт банкны эрх үүсгэж, хоёрхон хоногийн дотор 102 сая төгрөгийг нь луйвардчихсан аж.
Ингэж харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ дансны мэдээлэлд халдаж өөрчлөөд зогсохгүй, бэлэн мөнгөний касснаас 10-аад сая төгрөг бэлнээр авч завшсан байна. Шүүх түүнд холбогдох хэргийг өнгөрсөн оны наймдугаар сард хэлэлцээд Эрүүгийн хуулийн 17.1-2.3 дахь хэсгийн “Бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлсан”, 26.1-2-ын “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн”, 17.4-1-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэм буруутайд тооцсон юм. Прокуророос “Ариг” банкны дээрх салбарын ахлах теллер Б.Гомбосүрэнгийн хулгай хийсэн үйлдэлд нь гурван жил зургаан сар, кибер орчинд халдсан хэрэгт нь нэг жил найман сар, эд хөрөнгө завшсанд нь зургаан сар, нийт таван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноох санал гаргасан аж. Харин шүүхээс түүнд дөрвөн жил дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноож, учруулсан нийт 153 сая гаруй төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Үүнээс гадна “Ариг” банкны Улсын их дэлгүүр дэх салбарын ажилтан С.Билгүүн орон сууцын зээл гаргаж өгөхийн тулд иргэдээс хахууль авсан хэргийг шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд хэлэлцсэн юм. Тэрбээр иргэн А.Амарсанаагаас гурван сая, П.Мөнхтамираас 3.4 сая төгрөгийн хахууль эхнэрийнхээ дансаар дамжуулан авсан хэрэгт холбогджээ. Үүнийхээ хариуд тэдний орон сууцын зээл гаргуулах хүсэлтийг хүлээн авч, судлан, зээлийн дэд хорооны хуралд түүнийг нь танилцуулж шийдвэр шуурхай гаргуулах нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэнэ. С.Билгүүний хувьд “Ариг” банкны гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатарын тушаалаар 2023 оны аравдугаар сараас ажиллаж эхэлсэн нэгэн бөгөөд жинхэнэ ажилтан болоод удалгүй энэ хэргийг өдүүлсэн бөгөөд нэг холбогдогчтой нь “Эрэл” дунд сургуульд хамт суралцаж байсан, эртний найзууд гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн үеэр тодорхой болсон байна.
НПГ-аас “Ариг” банкны Улсын их дэлгүүр дэх салбарын зээлийн эдийн засагч С.Билгүүнд Эрүүгийн хуулийн 22.13-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн бол иргэн А.Амарсанаа, П.Мөнхтамир нарт мөн хуулийн 22.5-1-т заасан албан тушаал, эрхэлж буй албан тушаалтай нь холбогдуулж бусдад хахууль өгсөн хэмээн буруутган шүүхэд шилжүүлжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн хурлаас дээрх хүмүүсийг орон сууцын зээл гаргуулахын тулд хахууль өгсөн, авсан гэм буруутайд тооцсон байна. Улмаар Дээрх банкны Улсын их дэлгүүр дэх салбарын зээлийн эдийн засагчид гурван сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь мөн хугацаагаар хассан байна. Түүнд хахууль өгсөн А.Амарсанаа, П.Мөнхтамир нарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасан, 2.7 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Хахууль болгож авсан 6.4 сая төгрөгийг С.Билгүүнээс гаргуулахаар болсон юм.
Банкны ажилтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж, энэ мэт байдлаар харилцагч, хадгаламж эзэмшигчдээ хохироох тохиолдол гарч байна. Тиймээс иргэд харилцах банкаа сонгохдоо үүнд анхаарах ёстой болох нь. Үүнээс гадна арилжааны банкууд харилцагч, хадгаламж эзэмшигчдээ хохироохгүй, нэр хүндээ хамгаалахын тулд боловсон хүчнээ сайтар судалж, сонгож байх шаардлагатай юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх