Цахим мэдээ
Юу

"ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШДОГ" ШҮҮ САЙД АА

     Монголчууд эртнээс өв соёл, амьдралын ухаанаа хүүхдэдээ өвлүүлдэг ард түмэн. “Эрүүл биед саруул ухаан оршино” хэмээн сургаж, биеийн эрүүл мэнд нь оюуны хөгжлийн үндэс, хүний амьдралын чанарын баталгаа гэдгийг онцлон тодотгож ирсэн. Гэхдээ XXI зуунд бид энэ үгийн утгыг мартаж эхэлсэн мэт дүр зураг өнөөдөр Монголын нийгэмд ил тод болжээ.

Сүүлийн жилүүдэд боловсролын тогтолцоо уруудсан тухай яриа хэсэг бүлгийн гомдол биш, олон нийтийн дуу хоолой болон хувирсан нь нууц биш. Ерөнхий боловсролын хамгийн суурь мэдлэг ч бүрэн эзэмшихэд бэрх болж, хүүхэд багачууд “хэл сураад л явъя” гэх нь элбэгшсэн нь сошиал медиа, хотын гудамж, сургуулийн орчин бүрт сонсогдох нийтлэг үг болжээ.

Эндээ ирээдүйгээ харж бус, харьд боломж эрж явахын цаана олон жил хуримтлагдсан тогтолцооны алдаа, итгэл алдарсан нийгмийн төсөөлөл оршиж байна.

БОЛОВСРОЛ ДОРОЙТОЖ, ГАДАГ ЯВАХ ИРГЭДИЙН ЦУВАА НЭМЭГДЭВ...

    Өнөөдөр Монголын боловсролын чанарын тухай асуудал ганц судалгаа, ганц үеийн эцэг эхийн шүүмжлэл биш, харин нийгэм даяар санаа зовнил болон хувирсан байна. Хүүхдүүд суварга шиг зузаан сурах бичгээ барьж, хөтөлбөрөө дүүргэх гэж чармайж байгаа ч эргээд бодит хэрэглээ, суурь мэдлэгийн түвшин, ирээдүйд өрсөлдөх чадвараараа дэлхийтэй жишиглэхэд хол хоцорч байгаа тухай мэргэжилтнүүд сануулсаар.

Энэ бүхний үр дүнд залуус “Монголд биш, гадаадад суралцвал илүү ирээдүйтэй” гэх итгэлд автаж, аяллын бус амьдралын шийдвэрийн түвшинд эх орноо орхихыг эрмэлзэх болсон нь сэтгэл түгшээм.

Гэвч энэ бол залуусын буруу бус, харин тэдний ирээдүйд итгэх итгэлийг хангах ёстой тогтолцооны хариуцлагын асуудал юм.

ХАНИАД ТОМУУ, ХАТГАА ЭРСДЭЛ ГЭХЭЭС ИЛҮҮ ЭНГИЙН ҮЗЭГДЭЛ БОЛСОН НЬ ЭНЭ УЛСЫН ЭМГЭНЭЛ...

    Өвлийн улирал эхлэх бүрт нийслэл төдийгүй аймаг аймагт эмнэлгийн шалаар унтаж, коридорт хүлээн, халуурч ядрах бяцхан хүүхдүүдийн урт дараалал харагддаг нь бидний өдөр тутмын мэдээ мэт болжээ. Шөнөжин хүлээн зогсоход эцэг эхчүүдийн цөхөрсөн харц, хүүхдийн сулхан уйлаан, дулаан дээлэн дээрээ хэвтэх төдий болсон нөгөө л дүр төрх юуг өгүүлнэ вэ?

Эвдэрсэн тогтолцоо, урьдчилан сэргийлэх бодлогын хомсдол, хүрэлцээ муутай эмнэлэг… үүний ард хамгийн шударга үнэн бол төрийн үйлчилгээ иргэнээ хамгаалж чадахгүй түвшинд хүрсэн гэх дохио юм. Жил бүр өвчлөл нэмэгдэнэ гэдэг шинэ мэдээлэл биш. Гэвч жил бүрийн арга хэмжээ “вакцин хийлгэ” гэсэн ганц өгүүлбэрт багтааж асуудлыг шийдвэрлэх боломжгүй нь тодорхой...

БОЛОСВРОЛЫН ЯАМ БА ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ТУСДАА АТЛАА ЗОРИЛГО НЬ НЭГ БАЙХ ЁСТОЙ...

Нийгмийн тодорхой хэсэг хичээл сургуулийг түр хугацаанд амраах, зайны сургалтыг богино хугацаагаар хэрэгжүүлэх санал гаргасан. Энэ нь хүүхдийн сургалтыг таслах бус, эрүүл мэндийн ачааллыг бууруулах зорилготой хэрэгцээтэй алхам байв. Гэвч Боловсролын яам “боломжгүй” гэж мэдэгдсэн. Мэдээж сургалт тасалдах нь бодлогын хувьд эрсдэлтэй. Гэхдээ бодлогын зорилго хүний эрүүл мэндээс дээгүүр тавигдах учиртай юу? Ялангуяа хүүхдийн тухай ярьж байгаа бол?

Хэрэв эрүүл мэндээ хамгаалж чадахгүй бол боловсрол эзэмших боломжгүй. Энэ хоёр салбар тусдаа мэт боловч үнэндээ хүүхдийн нэг л амьдралд зэрэг нөлөөлдөг салшгүй цогц систем юм.

МОНГОЛ ИРГЭН НЬ "ҮНЭТ" ХӨРӨНГӨ НЬ МӨН ҮҮ???

       Монголд хууль, дүрэм, бодлогын шийдвэрүүд гарч л байдаг. Гэвч тэдгээр нь иргэн рүүгээ чиглэсэн, амьдралд нь бодитоор хүрсэн, хамгаалсан, итгэл өгсөн байгааг иргэд өдөр тутамдаа мэдэрч байна уу?

Өнөөдөр олон айлд илэрч буй нэг бодол бий. Ирээдүйгээ энэ улсаас бус, харийн улсаас хайх нь илүү найдвартай мэт санагдах, Энэ бол энгийн сонголт биш. Энэ бол системийн эмзэг байдлын илрэл.

Эрүүл мэнддээ дарагдаж, эдийн засгийн дарамтанд орж, өөрийн гэсэн өмчгүй, боломжоо элдэв бэрхшээлд тээглэж хаалгасаар байгаа хүн амын томоохон хэсэг өөрийн эх орныхоо ирээдүйд итгэх нь үнэхээр амаргүй болжээ.

ИРЭЭДҮЙ БОЛ ХӨРӨНГӨ БИШ "ХҮҮХЭД"...

Хүн төвтэй бодлого гэдэг ганцхан зарчим дээр тогтдог. Иргэнээ хамгаалах нь улсын үүрэг байдаг. Хүүхэд бол хөрөнгө оруулалтын тооцоо биш, ажиллах хүчний ирээдүй ч биш  тэд бол Монголын оршин тогтнолын баталгаа. Хэрэв тэд эрүүл биш бол, тэд эх орондоо ирээдүй олж харж чадахгүй бол, бидний хөгжлийн ямар ч том мөрөөдөл утгаа алдана. Монгол Улсын хөгжлийн гарц бол технологи, уурхай, татварын шинэчлэл бус.Монголын жинхэнэ хөгжлийн түлхүүр  эрүүл, боловсролтой, эх орондоо ирээдүйг хардаг Монгол хүүхэд юм.

РЕДАКЦИЙН БАЙР СУУРЬ...

Өнөө цагт бид бодлогын алдаа, тогтолцооны доголдлыг хэн нэгний буруу мэтээр бус, системийн засвар шаардсан дохио гэдгээр харах хэрэгтэй. Хүүхдийн эрүүл мэнд, боловсролын чанар хоёр бол улс орны хөгжлийн үндэс. Эдгээр салбар уялдаа холбоотой, урт хугацааны бодлогоор хамгаалагдах ёстой. Хэрэв бид өнөөдрийн зөв шийдвэрээ маргаашийн ирээдүйтэй холбож чадахгүй бол “эрүүл биед саруул ухаан оршино” гэх өвөг дээдсийн үнэт үг цаасан дээр үлдэн мартагдах аюултай.

Нийтлэлч: Сэтгүүлч Н.Анударь

СЭТГЭГДЭЛ Үлдээх