Сүүлийн жилүүдэд "Акуа Гарден" гэх нэртэй төсөл олон нийтийн маргааны төвд орж байна. Тус байгууламж усны эх үүсвэр дээр баригдсан нь хууль ёсны эсэх, байгаль орчинд үзүүлэх нөлөө, төрийн байгууллагуудын хяналт шалгалтын асуудлыг дахин сөхөхөд хүргэлээ. Зарим хүмүүс “хувийн өмчийг хамгаалах ёстой” гэж хамгаалж байгаа ч энэ байр суурь бодит нөхцөл байдалтай хэр нийцэж байна вэ?
Усны эх үүсвэр дээрх барилга “хувийн өмч” гэхээс илүү нийтлэг өмчид халдсан явдал
Усны эх үүсвэр бол нэг хүний бус нийт иргэдийн өмч, бүр цаашлаад байгалийн өөрийнх нь эрх ашиг. Тиймээс ийм газар дээр ямар нэгэн байгууламж барих нь байгаль орчны эрсдэл дагуулж, олон нийтийн амьдралын чанар, ундны усны аюулгүй байдалд шууд нөлөөлдөг. Ийм нөхцөлд “хувийн өмчийг хамгаал” гэх шаардлага үндсэндээ нийтлэг өмчийг зөрчиж баригдсан обьектод хамгаалалт нэхэж буйтай адил сонсогдоно.
Хууль зөрчөөгүй бол хамгаална, харин хууль зөрчсөн бол?
Энгийн логик бол маш тодорхой:
Хуульд нийцсэн бол хэн ч өмч хөрөнгөө хамгаалуулах эрхтэй.
Хууль зөрчиж баригдсан барилга бол хамгаалалт нэхэх үндэсгүй.
Энэ зарчим бол өмчийн эрхийн гол суурь. Гэтэл усны эх үүсвэр хамгаалах бүсэд ямар нэгэн барилга барихын тулд маш хатуу стандарт, холбогдох зөвшөөрлүүд шаардлагатай. Хэрэв эдгээрийг зөрчин байж баригдсан бол түүнийг “хувийн өмч” гэж хамгаалах оролдлого нь хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөхтэй адил болно.
Төрийн байгууллагын үүрэг хаана байна вэ?
Нийгэмд хамгийн их гарч буй асуулт бол: “Хэрэв хууль зөрчсөн бол яагаад анхнаасаа баригдахад нь зөвшөөрсөн юм бэ?” Эндээс төрийн хяналт сул, зөвшөөрөл олголт ил тод бус, эсвэл ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэх эргэлзээ гарч ирдэг. Төрийн байгууллага өөрөө үүргээ биелүүлээгүй байхад иргэдэд “өмчийг нь хүлээн зөвшөөр” гэж шаардах нь шударга бус.
Нийгмийн хариуцлага ба хууль дээдлэх ёс
Акуа Гардентэй холбоотой маргаан бол ганцхан нэг объектын асуудал биш. Энэ бол бид ямар нийгэмд амьдрахыг хүсэж байгаа тухай асуулт???
Хууль үйлчилдэг нийгэм үү?
Эсвэл хууль зөрчсөн ч барьчихвал дараа нь “хувийн өмч” нэрээр хамгаалуулдаг нийгэм үү?
Усны эх үүсвэр бол ирээдүй үеийн амьдралын баталгаа. Тиймээс ийм газрыг ашиг сонирхлын хүрээнд хувийн эд хөрөнгө мэт ашиглахыг зөвшөөрөх нь улс орны тогтвортой бодлого, байгаль орчны хамгаалалд ноцтой цохилт үзүүлнэ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх