“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулахаар болсныг Америкийн Кино урлагийн академи лхагва гараг /2025.12.17/-т мэдэгджээ.

Кино урлагийн академи одоогоор YouTube -тэй 2033 он хүртэл хэрэгжих гэрээ байгуулаад байгаа ажээ. Ийнхүү уламжлалт телевизийн дамжуулалтыг дэлхийн хэмжээний стриминг платформ руу шилжүүлж буй нь зугаа цэнгэлийн салбарын хувьд эргэлтийн чухал үе болно гэж CNN телевиз онцолсон байна.

Шууд дамжуулах эрхийн багцад шагнал гардуулах ёслол, улаан хивсний ёслол зэрэг бүх үйл ажиллагаа багтжээ. Бүх контентыг дэлхий даяар үзэгчдэд үнэ төлбөргүй дамжуулна.

Шууд дамжуулах платформ солигдсоноор хил хязгаар арилж, “Оскар”-ын шагнал гардуулах ёслол жинхэнэ утгаараа олон улсын үзэгчдэд хүртээмжтэй болно гэж гэрээ байгуулсан талууд найдаж байна.

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг 50 гаруй жил дамжуулж ирсэн ABC суваг уг ёслолыг дахин гурван удаа үзүүлэх бөгөөд 2028 онд болох 100 дахь удаагийн шагнал гардуулах ёслол тус сувгийн хувьд сүүлчийнх байх юм.