Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын салбар чухал ач холбогдолтой ч тун онцгүй мэдээллийг дуулгалаа. Ер нь энэ салбар бол аливаа улсын хамгийн эмзэг, хамгийн хариуцлагатай бодлогын чиглэл байдаг. Ялангуяа эрсдэлт нөхцөлд байгаа гэр бүлүүдийг дэмжих, өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхдийн олон талт хөгжлийг дэмжих хөтөлбөрүүд нь нийгмийн ирээдүйг тодорхойлох стратегийн ач холбогдолтой. Ийм чухал салбарт олон улсын хамтын ажиллагаа өргөжүүлэх нь өөрөө буруу зүйл биш. Харин хамтран ажиллах тал, түүний нэр хүнд, олон улсын эрх зүйн байдал нь зайлшгүй анхаарах ёстой асуудал юм.
Гэтэл Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн эрхийн асуудал хариуцсан төлөөлөгч Мария Львова-Белова нь 2023 онд Олон улсын эрүүгийн шүүхээс (ОУЭШ) Украины нутаг дэвсгэрээс хүүхдүүдийг албадан шилжүүлсэн гэх хэрэгт холбогдуулан баривчлах захирамж гарсан албан тушаалтнуудын нэгээр хамтран ажиллагчаа сонгож буйгаа зарлажээ. Энэ нь олон улсын түвшинд ноцтой маргаан, шүүмжлэл дагуулсан асуудал бөгөөд одоогоор уг хэрэг шүүхийн шатанд яригдаж буй.
Ийм нөхцөлд хүүхдийн бодлогын хамтын ажиллагааг тухайн албан тушаалтантай холбон зарлаж буй нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлэх нь ойлгомжтой. Хүүхдийн эрхийг хамгаалах салбарын удирдлагад ёс зүйн өндөр стандарт, олон улсын итгэлцэл, нэр хүнд нэн чухал. Хэрэв хамтын ажиллагааны хүрээнд нэр холбогдож буй этгээд нь олон улсын шүүхийн маргаантай асуудалд оролцож байгаа бол энэ нь Монгол Улсын хүүхдийн бодлогын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Асуудлын гол нь улс төрийн байр суурь бус, хүүхдийн эрхийн зарчим юм. Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсон, хүний эрхийг дээдэлнэ хэмээн Үндсэн хуульдаа тунхагласан орон. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтрахдаа:
Олон улсын эрх зүйн орчныг харгалзах
Ёс зүйн шалгуур, нэр хүндийн асуудлыг нягтлах
Ил тод, нээлттэй тайлбар хийх
Хүүхдийн эрхийн байгууллагууд, иргэний нийгмийн саналыг сонсох
зэрэг алхам зайлшгүй шаардлагатай.
Хүүхдийн ирээдүй бол туршилтын талбар биш. Ямар ч хамтын ажиллагаа хүүхдийн эрх, аюулгүй байдал, сэтгэлзүйн хамгааллыг нэгдүгээрт тавих ёстой. Олон улсын түвшинд маргаантай, шүүхийн шатанд яваа асуудалтай холбогдсон албан тушаалтантай хамтын ажиллагаа өрнүүлэх нь нийгмийн итгэлийг сулруулах эрсдэлтэйг бодлого тодорхойлогчид анхаарах цаг болсон. Хүүхдийн бодлого бол улс төрөөс ангид, ёс зүй дээр тогтдог байх ёстой. Ирээдүй хойч үеийн нэрийн өмнөөс ил тод, хариуцлагатай шийдвэр гаргахыг олон нийтийн өмнөөс шаардаж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх