Монголын улс төрд нэгэн сонирхолтой атлаа эмзэг сэдэв дахин сөхөгдөж байна. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл боловсруулагдаж, түүнийг Ерөнхийлөгчийн институтээс санаачлан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга тайлбарлаж буй нь анхаарал татахгүй өнгөрөх асуудал биш юм. Агуулгын хувьд уг санаачилга анх сонсоход ард түмний хүлээлттэй нийцэх мэт. Хариуцлагагүй, ёс зүйгүй, амлалтаасаа няцсан гишүүдэд иргэд хариуцлага тооцох механизм хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Үүнд маргах хүн цөөн. Гэвч асуудлын гол нь юуг хийх гэж байгаа нь бус, хэн ямар институцийн хүрээнд хийж байгаа вэ гэдэг дээр оршиж байна. Парламентын гишүүний бүрэн эрх, парламентын дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлыг гүйцэтгэх засаглалын шинжтэй институцээс санаачлан оруулж ирж байгаа нь эрх мэдлийн тэнцвэрийн тухай суурь ойлголтод өөрөө эргэлзээ төрүүлнэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бол улс төрийн өрсөлдөөний талбар биш, харин үндэсний хэмжээний стратегийн аюулгүй байдлыг хангах бүтэц. Харин парламентын бүрэлдэхүүнд шууд нөлөөлөх боломжтой механизм тэндээс гарч ирж байгаа нь институц хоорондын зааг бүдгэрч буйн дохио юм.
Өөрөөр хэлбэл, жоомоо устгах гэж байшингаа шатааж болохгүйтэй адил, улс төрийн хариуцлагын асуудлыг шийдэх нэрийн дор ардчиллын суурь зарчим болох эрх мэдлийн хуваарилалтыг сулруулж болохгүй. Энэ санаачилга УИХ-ын гишүүн Нарантуяа- НАРА-д дургүй хүмүүсийн хувьд алга таших сэдэв байж мэднэ. Гэхдээ ардчилал гэдэг хувь хүн, нэг улс төрч, эсвэл нэг институцид дуртай эсэхээс давсан ойлголт. Өнөөдөр бидэнд таалагдсан механизм маргааш бидний өөрсдийн эрх чөлөөг хязгаарлах хэрэгсэл болж хувирах эрсдэлтэй. Хэрэв УИХ өөрийн дотоодоосоо, парламентын институцийн хүрээнд ийм санаачилга гаргаж ирсэн бол энэ нь парламент өөрөө өөрийгөө цэвэршүүлэх оролдлого гэж харагдах байлаа. Харин гаднаас нь “засах” оролдлого мэт харагдаж буй нь асуудлыг өөр өнцөг рүү түлхэж байна. Ардчилал гэдэг нэгнийг шүтэх, нөгөөг үзэн ядах тухай биш. Харин тогтолцоог хамгаалах тухай ойлголт. Хүчтэй удирдагч биш, хүчтэй институц ардчиллыг тогтвортой байлгадаг. Тиймээс энэ асуудалд хандахдаа улс төрийн симпати, антипатигаар бус, ардчиллын ирээдүйд ямар жишиг тогтоож байна вэ гэдгээр нь дүгнэх шаардлагатай байна. Өнөөдрийн шийдвэр маргаашийн Монголын засаглалын хэлбэрийг тодорхойлох учраас асуулт тавих, эргэлзэх, шүүмжлэх нь өөрөө ардчиллын амьсгал юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх