Цахим мэдээ
Нийгэм

“Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захиралд халдсан Б.Бурмааг Зөрчлийн хуулийн хоёр ч зүйл заалтыг үндэслэн шалгаж байна

Монгол, Франц улс хамтран хэрэгжүүлэхээр болж буй уран олборлох төслийг хэрэгжүүлэгч “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед энэ сарын 22-нд уран олборлохыг эсэргүүцэгчдийн нэг халдсан билээ. Эсэргүүцэгч иргэд “Нэг аймаг тэр чигтээ хордсон. Олон хүний амь, эрүүл мэнд хохироод байна. Тийм учраас Монголоос зайл” хэмээснээс гадна тэдний нэг, цагаан цувтай эмэгтэй “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг эмэгтэйг Б.Бурмаа гэдэг бөгөөд тэрбээр дээрх компанийн захирлын толгой, нүүр рүү цохиж, “Чамайг алчихъя л даа” хэмээн давшилж цамцаар нь боомилох оролдлого хийсэн билээ.

Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь “Ай си си тауэр” барилгад болсон уг уулзалтын үеэр ураны төслийг эсэргүүцэгч иргэд “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас гадна Хөдөлмөрийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалал, орон нутаг хариуцсан захирал Ц.Энхжаргалын биед бас халдаж гэмтэл учруулсан байдаг. Тэгвэл Марк Мелеард, Ц.Энхжаргал нарын биед халдсан Б.Бурмаад Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн танхайрах, уг хуулийн 5.3 дугаар зүйлд заасан хүний биед халдсан гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Гэм буруутай гэж үзвэл эрх бүхий албан тушаалтан (энэ тохиолдол цагдаагийн байгууллагын зөрчлийн хэрэг мөрдөгч) тухайн хүнийг дээрх хоёр үйлдэл тус бүрт нь 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэвэр оноох эрх зүйн зохицуулалттай. Эсвэл танхайрсан үйлдэлд нь албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульд заасан. Эрх бүхий албан тушаалтны шийтгэврийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хянан хэлэлцэж хуульд нийцсэн, эсэхийг дэнсэлдэг.

СЭТГЭГДЭЛ Үлдээх